dailyvideo

Хотын зах руу суурьшуулах бодлого барьж байна

Нийслэлийн газрын албаны 15 жилийн ойг тохиолдуулан "Хотын газар ашиглалтын онцлог, ирээдүйн хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав. Хуралд газрын асуудлыг тойрсон олон сэдвээр илтгэл тавьсан. 

Энэ үеэр Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуйгаас цөөн зүйл тодрууллаа.
-Та салбарынхаа 15 жилийн ололт амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ хугацаанд манай салбар чамлахааргүй ажил хийсэн байна. Нийслэл 1.1 сая гаруй хүнтэй болжээ. Үүнээс үүдэн хотын газар нутгийн даац хоёр дахин нэмэгдлээ. Хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор гэр хорооллыг барилгажуулах, хотын зах руу айл өрхөө суурьшуулах зорилт тавиад ажиллаж байна. Хан-Уул дүүргийн XII, XIII, XIV хороо, БЗД-ийн XI хороонд 50 мянган өрх суурьших боломжтой төлөвлөгөө гаргасан нь бидний хийсэн томоохон ажил юм.

-Гэр хорооллыг барилгажуулах нь хот тойрсон олон бэрхшээлийг шийдэх ч замбараагүй, хяналтгүй суурьшлаас болоод иргэдийн газраа чөлөөлөх байдал нэлээн хойрго байна. Энэ нь анхнаасаа хот төлөвлөлт буруу хийсэнтэй холбоотой байх?
-Иргэдийн ая тухтай амьдрах суурь нь газрын харилцаа. Хотод тухайн газрыг барилгажина гээд өмчлүүлэхгүй, өмчлүүлчихсэн гээд барилгажуулахгүй байх учиргүй. Хот төлөвлөлт таван удаагийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож 21 хороололтой байхаар тооцсон. Үүнээс 1990 он хүртэл 16 хороолол баригдаж өнөөгийн төрхөө олсон. 1997 оноос газрын үнэлгээг тогтоосон байдаг боловч төр иргэдийн газрыг эргүүлэн авахдаа нөхөн олговрын хэмжээг зах зээлийн үнэтэй уялдуулаагүйгээс үнийн хувьд тохиролцож чадахгүй байгаа юм. Эндээс шалтгаалж хотын хөгжилд чөдөр тушаа болдог.

-Хотын ойролцоо хөдөө аж ахуйн чиглэлээр ихээхэн хэмжээний газар ашиглаж байна. Энэ нь бэлчээрийн даац хэтрэх, зарим тохиолдолд мал амьтны элдэв халдварт өвчин гарах сөрөг үзэгдэл авчирдаг. Үүнийг хотоос гадагш төвлөрүүлэх бодлого барьж болдоггүй юм уу?
-Манай орон гэлтгүй өмнөд, хойд хөршийн нийслэл ороход хотын иргэд нь хот орчимд эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй эрхэлж хүнсээр хангаж байгааг харна. Энэ нь орчин үеийн хот болон хот орчмын хөдөө-аж ахуйн бүс нь хамтдаа төлөвлөгдөх зарчмын жишээ болж байгаа юм. Мөн хот түүнийг дагасан дагуул суурингууд нэг системээр биенээ дэмжин хөгжих хамгийн зөв зам гэдгийг харж болно. Түүнчлэн, газар нутгийн даацыг тэнцвэржүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулах боломжтой сонгодог арга хэлбэр шиг санагддаг.

-Хот тэлэх тусам шийдвэрлэх асуудлууд нэмэгдсээр байна. Танай салбарын нэн тэргүүнд шийдэх ёстой ямар тулгамдсан асуудал байна вэ?
-Дэд бүтэц, тэр дундаа нийтийн тээврийн системийг сайжруулах, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх, ашиглалтын хугацаа нь дууссан хотын төвийн хуучин барилга байгууламжийг буулган шинээр барих хэрэгтэй байна. Мөн хотыг цэцэрлэгжүүлэх нь нэн тэргүүнд шийдэх ажил юм. Бид хотынхоо тулгамдсан асуудлыг сайн мэддэг, ярьдаг. Гэтэл бидэнд шинэ хотыг бий болгоход хөрөнгө мөнгө, шинэ арга барил хэрэгтэй байна.

М.Мөнхтунгалаг http://www.niigmiintoli.mn/ 

Posted by БОРОО on 3:20 AM. Filed under , , . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Хотын зах руу суурьшуулах бодлого барьж байна

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla