dailyvideo

Орон нутгийн хамгаалалттай газар гэж юу вэ?

Орон нутгийн хамгаалалттай газрын харилцаа нь нийт газрын харилцааны салшгүй хэсэг тул юуны өмнө Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалттай байна. Монгол Улсын Үндсэн хуулинд: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан нь энэ төрлийн харилцааны эрх зүйн эх сурвалж болдог байна. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3-р зүйлийн 2-т зааснаар “аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно” гэж заасан нь орон нутгийн хамгаалалттай газрын харилцааг бие даан хөгжих эрх зүйн үндэсийг тавьсан байна.Орон нутгийн хамгаалалттай газрын эрхзүйн харилцаа нь төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн хууль зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын эрх зүйн институцийн бүрдэл хэсэг болдог.
Эрх зүйн актуудаас үзвэл орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн зохицуулалтыг ерөнхий болон тусгай зохицуулалттай хэмээн хувааж үзэж болно. Ерөнхий зохицуулалт нь үндсэндээ улсын мэдлийн газрын хувьд нийтлэг, тусгай зохицуулалт нь зөвхөн тусгай хамгаалалттай газрын хувьд хэрэгждэг онцлог зохицуулалт байж болох юм. Тухайлбал орон нутгийн хамгаалалттай газар нь нутаг дэвсгэр, газар гэдэг утгаараа Монгол Улсын Газрын тухай хуулиар зохицуулагддаг бол хамгаалалттай нутаг дэвсгэр гэдэг талаасаа бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журам зэргээр зохицуулагддаг байна. Ер нь орон нутгийн хамгаалалттай газар нь нэг талаасаа байгаль-нутаг дэвсгэрийн объект боловч нөгөө талаасаа тодорхой засаг захиргааны нэгжээр хязгаарлагдсан газар ашиглалтын нэг хэлбэр тул зохицуулалтын хувьд нилээд олон төрлийн хууль, эрх зүйн актуудыг авч үзэж болно.

Орон нутгийн хамгаалалттай газар нь аль нэг субъектийн тодорхой ашиг сонирхолд бус, харин тухайн орон нутгийн нийтийн ашиг сонирхолд үйлчилж байдаг онцлогтой. Нэгэнт нийтийн ашиг сонирхолд үйлчилж байгаа тул заавал эрх зүйн тусгай дэглэм тогтоож, нарийвчлан зохицуулах шаардлагатай байдаг. Одоогийн байдлаар манай улсад орон нутгийн хамгаалалттай газрын харилцаанд шууд хамааралтай ганц журам (Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журам), дам хамааралтай хэдэн хууль (Монгол улсын Газрын тухай хууль, Байгаль хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль) зэргээр зохицуулж байна.
Эдгээр эрх зүйн актууд нь нь орон нутгийн хамгаалалттай газрын зорилго, шалгуур, ангилал, газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах, орон нутгийн хамгаалалтанд байгаа газар нутаг дээрх газар эзэмших, ашиглах харилцааг зохицуулах, санхүүжилт зэргээс гадна энэ харилцаанд оролцож буй субъектүүдийн эрх, үүргийн хэм хэмжээ, хариуцлагын системийг тодорхойлж, зохицуулж өгдөг байна.

Орон нутгийн хамгаалалттай газрын эрх зүйн харилцаа нь дараах үндэслэлүүдээр үүснэ. Үүнд:
  1. Бодитой нөхцөл байдал үүссэн тохиолдолд орон нутгийн хамгаалалтанд авч болно (Байгаль, түүх, соёлын дурсгалт зүйл эвдэрч доройтсон, орчны нөхцөл муудсан, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай болсон нөхцөл байдалд);
  2. Тодорхой нөхцөл байдлыг урьдчилан тооцож, төлөвлөсний үр дүн дээрээс орон нутгийн хамгаалалтанд авч болно (байгалийн нөөц, баялгийг зохистой ашиглах, байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах шаардлагатай нөхцөлд);
  3. Тодорхой нөхцөл байдлыг бий болгох, зарим үйл ажиллагааг хэрэгжүүлхийн тулд орон нутгийн хамгаалалтанд авч болно (Аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар экологийн боловсрол, хүмүүжил олгох гэх мэт).

Энэ төрлийн газрын эрх зүйн харилцааны объект нь орон нутгийн хамгаалалтанд авсан газар юм. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалын журмаар “Орон нутгийн хамгаалалттай газар” гэж тухайн орон нутгийн байгалийн унаган төрх , өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгал, амралт, аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтад авсан газрыг хэлдэг байна. Орон нутгийн хамгаалалттай газар нь газрын нэгдмэл сангийн ангилалаар тусгай хэрэгцээний газрын орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамрагдах бөгөөд дотор нь засаг захиргааны нэгжээр аймаг нийслэлийн, сум дүүргийн гэж ангилна.

Орон нутгийн хамгаалалттай газар нутгийг хамгаалалтанд хамруулсан зорилго, шинж чанраар нь
  1. Ой, амьтан, ургамал, усны нөөц газар;
  2. Байгаль, түүхийн дурсгалт газар гэж ангилна.
Түүнчлэн нөөц газрыг шаардлагатай гэж үзвэл ашиглалтын болон хамгаалалтын бүсэд хувааж болно.

Posted by БОРОО on 10:08 PM. Filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0

0 Сэтгэгдэл for Орон нутгийн хамгаалалттай газар гэж юу вэ?

Leave comment

Сүүлд нэмэгдсэн

Сэтгэгдэлүүд

Блог нийтлэл

bla blablog.gogo.mn bla